"Эсрэг хүйстнээ найрах нууц" номын ревю
Миний туйлын нэг хүсэл боловоос үр хүүхдээ зөв амьдралын ухаантай, хайрлах энэрэх сэтгэлтэй, сэтгэлийн хаттай хүн болгож өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ, мөн боловсролын салбарын энэ доголдолтой буруу системийг өөрчлөхөд өөрийн хувь нэмэрээ чадах чинээрээ оруулах явдал юм. Чадах эсэхийг чухам мөхөс миний хүчин чармайлт болон цаг хугацаа л харуулах биз.
Монгол улсыг модоор зүйрлэвээс, модны ургах хөрсийг ариун, тэжээллэг, эрүүл байлгах аваас, шинэхэн эрүүл нахиа ургаж, саглагар ногоон, тэнгэр баганадсан сүрлэг мод болох нигууртай.
Ерөөс аливаа улсын иргэд, гэр бүл бол тухайн улсын үнэт өв баялаг бөгөөд тухайн улсын хөгжлийн тулгуур багана, толь нь билээ.
Энэ номын агуулга яг үүнтэй уялдаатайг, уншиж суухад дараах бодлууд төрсөнөөр харуулж болно.
1. Энэ номыг хамгийн эхлээд хүүгээ дунд сургуулиа төгсөх үед нь уншуулах юм шүү, заавал. (энэ тухайгаа ч хүүдээ хэлсэн, мань хүн зөвшөөрсөн, багыг нь том болохоор бас уншуулна)
2. Ер нь энэ номын агуулгыг хүүхдүүдэд тохирсон энгийн, насанд нь тохирсон агуулгатай болгож, болдог бол дунд сургуулийн гэр бүлийн боловсролын кредит цаг болгож нэмж оруулмаар санагдсан.
(Ер нь хүн сургуульд сурсан томъёонуудаар хоорондоо ярьж, гэр бүл болж, үр хүүхдээ хүмүүжүүлдэггүй, харин хүн хоорондоо зөв харилцаж, хүндэтгэлтэй хандаж амьдрал өрнөдөг, гэтэл Монголын боловсролын системд ийм агуулга түй ч байдаггүй нь өнөөдрийн нийгмийн эмгэнэлт төрх байдлыг үүсгэж байгаа гэж би боддог. Боловсролын системээрээ тэргүүлдэг улс орнуудын дунд сургуулийн агуулга хөтөлбөрүүд ч үүнийг баталдаг)
3. Гарчиг шигээ "шалиг, хөнгөн хийсвэр” агуулга энэ номонд огтоос байхгүй. Үнэндээ бол олны дунд хавтсыг нь харуулаад уншаад явахаас бага зэрэг ичмээр л дээ :p
4. Эсэргээрээ эр эм хүмүүсийн заавал мэдвэл зохих, аз жаргалтай, бат бөх амьдралын гарын авлага
5. Олны дунд сайхан гэр бүл шиг харагддаг ч ойлголцохоо болиод, хүйтэн хөндий харилцаатай болоод удаж байгаа “хөрсөн” гэр бүлүүд, анх танилцсан хосууд, ганц бие найзууд, гэрлээгүй дүү нартаа нэгийг аваад бэлэглэчихмээр, за ер нь тэгээд бэлгийн бойжилт нь явагдаж эхэлсэн хүн бүр л унших хэрэгтэй санагдлаа даа.
6. Унших зуураа үргэлж инээж байлаа. Учир нь номын зохиогч нь номонд хэрэглэсэн үг хэллэгээ их хөгжилтэй, давс хужирыг нь тааруулсан ёжтой, хоржоонтой бас бодууштайгаар сонгож бичсэн нь уншихад их сонирхолтой, хөнгөн мөртлөө бууж үлдэхүйц, мартахааргүй болгож өгсөн байна.
7. Агуулгад орсон утгуудыг илэрхийлэх дэд гарчгууд өгсөн нь хэсэг бүрийг уншихын өмнөх хүлээлтийг бий болгож, эхнээсээ юуг өгүүлэх вэ? гэдгийг тодорхой болгож өгсөн нь номыг цаашид үргэлжлүүлэн уншаад баймаар сэтгэгдэл төрүүлж байна.
8. Зөвхөн өөрт буюу миний өөрийн амьдралд туулсан түүхүүдтэй харьцуулж төрсөн сэтгэгдэл гэж бий. Гэхдээ тэр бол нууц, энд бичихгүй, бас хэн нэгэнд хэлэхгүй хэхэ.
За ингээд номынхоо талаар өгүүлж эхэлье.
“Эсрэг хүйтнээ найрах нууц”
Зохиогч : Д. Гэрэлт-Од
Хуудас : 351
Номын бүтэц :
Уншигчдын сэтгэгдлүүд
Агуулга :
Өмнөх үг буюу номыг бичих болсон шалтгаан.
Дээр үеийн болзоо
Орчин үеийн болзоо
Орчин үеийн эмэгтэй хүн ямар залууг хүсдэг вэ?
Эрчүүд ийм бүсгүйг хайж байна.
Бүлэг 1
“Заяаны хань гэж хэн байна аа?”
15 дэд гарчигтай
Бүлэг 2
“Ялгааг ойлгосноор ялалт байгуулна”
6 хэсэгтэй
Бүлэг 3
“Эсрэг хүйстнийхээ анхаарлыг хэрхэн татах вэ?”
14 дэд гарчигтай
Бүлэг 4
“Бүсгүйтэй хэрхэн яриа өдөж танилцах вэ?”
13 дэд гарчигтай
Бүлэг 5
“Болзоо”
41 дэд гарчигтай
Бүлэг 6
“Харилцааны гуравдугаар үе : Үерхэл”
7 дэд гарчигтай
Бүлэг 7
“Дотно харилцаа”
9 дэд гарчигтай
Бүлэг 8
“Надтай гэрлээч”
7 дэд гарчигтай
Бүлэг 9
“Капитализмыг алгасч болохгүй”
2 дэд гарчигтай
Бүлэг 10
“Ухрах үргэлж муу биш”
4 дэд гарчигтай
Бүлэг 11
“Төгсгөл буюу амар сайхандаа жаргав”
1 дэд гарчигтай
Уншигч миний ойголт :
Эхэндээ нээх ядчихсан, бас нэг эрэгтэй хүний эр хүйстнээ өмөөрсөн, бас ээж нарын “эмэгтэй хүн л ухаантай байх хэрэгтэй байдиймшдээ” гэдэг бүх хариуцлагыг эмэгтэйд нь үүрүүлсэн тэнэг үгийг бэрүүддээ хэлдэг шиг хүчилсэн өнгө аястай байх гэсэн хүлээлттэйгээр уншиж эхэлснийг нуух юун.
Гэтэл уншиж эхлээд, цааш явах тусам, аль аль талыг нь ёстой л нэг ээж, аав нь охин, хүүдээ захиж ойлгуулж байгаа юм шиг, жишээ бармттайгаар ойлгуулж бичсэн “буянтай” ном гэж бодон бодон уншиж дуусгалаа.
Нөгөө түлхүүрийг нь тааруулна гэдэг шиг эсрэг хүйстнийхээ түлхүүрийг хэрхэн тааруулах талаар олон аргуудыг хэлж өгсөн. Бас нөгөөтэйгүүр өөрийгөө хэн бэ? гэдэг дээрээ ч дүгнэлт хийж, ойлгож авах үеүүд байлаа.
Өөрөөр хэлбэр эр эм хүмүүсийн нэг нэгнээсээ хүлээдэг, зөвхөн тухайн хүйсэнд л байдаг онцлог шинжүүдийг эсрэг хүйстнүүд нь ойлгохгүйгээр, зөвхөн хувиа хичээж, үзэл бодлоо тулгаж харьцдагаас болж, олон гэр бүл салж, олон хүүхдүүд өнчирч хоцордог юм байна. Тиймээс л энэ номыг 90 оны хямралд өртөж, өрх гэрээ тэжээхээс өөр юм бодох завгүй, зөнд нь хаясан "Милленал"-чууд, тэдний дараагийн үе болох үр хүүхдүүдэд нь багаас нь боловсрол болгож ойлгуулах хэрэгтэй юм байна гэж бодсон.
Учир нь энэ нөхдүүдэд хэн ч ингэж зааж, хэлж, ярьж, жишээ тайлбартайгаар ойлгуулаагүй тул өөрсдөө ч мэдэлгүй бүтэлгүйтэж, бас үр хүүхдүүддээ ч өдгөө юу зааж, сургаж өсгөхөө мэдэхгүй явж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Учир нь энэ нөхдүүдэд хэн ч ингэж зааж, хэлж, ярьж, жишээ тайлбартайгаар ойлгуулаагүй тул өөрсдөө ч мэдэлгүй бүтэлгүйтэж, бас үр хүүхдүүддээ ч өдгөө юу зааж, сургаж өсгөхөө мэдэхгүй явж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Номын тухай сэтгэгдэл болон зарим эшлэлүүдээс :
Өмнөх үг буюу энэ номыг бичих болсон шалтгаан
Зохиогч энэ хэсэг дээр дурдсанчлан “эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэг нэгнээ өөр гэдгийг мэддэг юм шиг хэрнээ үнэн хэрэгтээ мэддэгүй” гэдгийг тайлбарлаад номноос юу олж мэдэх талаар товч өгүүлсэн байна.
Дээр үеийн болзоо
Орчин үеийн болзоо
Энэ 2 сэдвийг нэгтгээд дүгнэхэд тухайн цаг үеийн соёл, орчин нөхцөл нь тэр цаг үед амьдарч байгаа хүмүүсийн хэв маягт хэрхэн нөлөөлдөг, эр эм хүмүүсийн харилцаанд тэр нь хэрхэн буудагийг бичсэн байна.
Бүлэг 1
“Заяаны хань гэж хэн байна аа?”
Хүн бүр энэ үгийг сонсож байсан бас өөрөөсөө асууж байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бүлэгт их чухал нууцуудыг нууц биш болгосон байна. Ер нь энэ ном нууц гэсэн боловч та бид нэгэнт уншчихад байгаа тул харин нууц биш харин маш чухал арга хэрэгсэл, ухаан зааж өгч байгаа юм билээлдээ.
Өөрөөр хэлбэл хаана, хэзээ, хэрхэн, яаж зөв ханиа таних, танилцах талаар танд энэ бүлэг олон арга зааж өгнө.
Онцлох эшлэл :
.... жимс газар сайгүй ургадаггүй.. жимстэй газар ирлээ ч түүнийг зулгааж байж, түүж иднэ. Тиймээс та жимс идэхийг эсвэл хэн нэгэнд идүүлэхийг хүсэж байгаа бол зөв газраа байх хэрэгтэй.
Бүлэг 2
“Ялгааг ойлгосноор ялалт байгуулна”
Энэ бүлэгт ер нь эр, эм хүмүүс харилцааны ямар үе шатуудыг өөрийн мэдэлгүйгээр туулж өнгөрүүлээд байдаг тухай тодорхойлж, ойлгуулж өгнө. Үүнийг мэдэж авснаар харилцаагаа яг хаана яваад байгааг ажиглаж, ухаантай нэг нь энэ бүлэгт заасан зүйлсийг ойлгож хэрэгжүүлснээр дараа дараагийн үе шатуудад хэрхэн бэлтгэх, үргэлжлүүлэх эсэхээ шийдэх аргыг хэлж өгөх болно.
Энэ хэсэг урт байгаагийн шалтгаан нь ер нь эсрэг хүйстнүүд чинь юуг юу гэж ойлгож, хүлээж аваад байдаг, түүнийг чи юу гэж ойлгож хүлээж аваад байдаг, зөв харилцахын тулд хэрхэн зөв үг, үйлдлээ олж харилцах талаар зааж өгч байгаа учраас тэр.
Өөрөөр хэлбэл үүнийгээ ойлгоогүйн харгайгаар тоглоомын дараагийн "level"-рүү амжилттай шилжиж тоглоомыг үргэлжлүүлж чадалгүй “game over” болох шалтгаан болдог юм байна л даа.
Тэхээр танд тоглоомын үеүдийг хэрхэн амжилттай давах “code”-үүдийг зааж өгөх нь байна.
Зохиогч өөрөө кинонд дуртай хүн учир киноны хэсгүүдээс номынхоо агуулгатай уялдуулж жишээ татаж бичсэн нь ном уншингаа кино үзээд ч байгаамшиг сонирхолтой болгож өгсөн байна.
Онцлох эшлэл :
... Аз жаргалтай байлгах бүсгүйгүй бол эр хүн ажилгүй боллоо л гэсэн үг. Түүнд ажил маш их хэрэгтэй. ...
Энэ үгнээс харахад энэ бүлэг эрчүүд ажлаа хэрхэн амжилттай хийх, эмэгтэйчүүд эрчүүдийг хэрхэн ажлыг нь амжилттай хийлгүүлэх, улмаар эрчүүдийг тогтмол ажилтай байлгаснаар эмэгтэйчүүд өөрсдөө аз жаргалтай байдаг бололтой.
Бүлэг 3
“Эсрэг хүйстнийхээ анхаарлыг хэрхэн татах вэ?”
Тус бүлэгт таалагдсан эсрэг хүйстнээ хэрхэн өөртөө татаж болох, мөн таалагдаж байгаа эсэхээ мэдэх, таалж байгаа, таалахгүй байгаараа мэдэгдэх талаар мэдэж авах болно.
Эр эм хүмүүс бие биедээ таалагдаж байгаа эсэхээ мэдэгдэх үүрэгтэй байх нь л дээ. Ингэхдээ бас их ухаалгаар хандах хэрэгтэй байх нь.
Онцлох эшлэл :
... Зарим эрчүүд бүсгүйчүүлтэй хэрхэн харьцахаа мэддэггүй шиг, эмэгтэй хүн болгон яаж сээтгэнэхийг мэдэхгүй байж болно. .... гээд мэдээж “хөөрхөн” аргуудыг зааж өгсөн байна. ...
Бүлэг 4
“Бүсгүйтэй хэрхэн яриа өдөж танилцах вэ?”
За энэ бүлэг болбоос эрчүүд эмэгтэйчүүдтэй хэрхэн зөв ойлгож харилцах талаар хэлж өгсөн байна. Бүсгүйчүүдтэй ямар нөхцөлд яаж харьцах, цаадуул нь юуг юу гэж ойлгож хүлээж авдаг, гаднах байдал, үг яриа, үзэл бодлоо хэрхэн зөв илэрхийлэх, хаана хэрхэн харилцах талаар өгүүлсэн байна.
Онцлох эшлэл :
... Хэнд ямар үг хэлэхээ бодох хэрэгтэй. Жишээ нь : найзуудтайгаа тас тас хөхрөн инээлдэж байгаа бүсгүйг хошин шог ойлгодог, хэмээн дүгнэж болно. Тиймээс хошин өнгө аястайгаар яриа өдөхөд болно. Харин шил зүүн ном шагайн сууж байгаа бүсгүйгээс номынх нь талаар асуусан нь илүү тохиромжтой. ....
Бүлэг 5
“Болзоо”
За дээрх бүлгүүдэд, таалаад, таалагдаад, танилцаад авах тухай өгүүлсэн бол энэ бүлэгт хэрхэн “зөв” болзох тухай өгүүлжээ өөрөөр хэлбэл одоо чухам хэн нь хэн бэ гэдгийнхээ анхан шатны ойлголтуудыг өгөх нь лдээ.
Эрэгтэй нь эмэгтэйтэйгээ болзохдоо юуг анхаарах, хэзээ хэрхэн ярих, юу ярих, зөвхөн эрчүүд ч биш эрчүүдийг болзоонд уримаар байгаа бүсгүйчүүд түүнийгээ хэрхэн “зөв” илэрхийлэх, болзооны үеэр болон болзооны өмнө эр эм хүмүүс юуг анхаарах, эсрэг хүйстнүүдэд нь юу таалагддаг, болзооны үеэр хүмүүсийн гаргадаг алдаанууд, ярих сэдэв, болзоонуудыг ямар ямар байдлаар төлөвлөж болох, болзооны дараах харилцаанд дээр хэрхэн намба алдахгүй байх зэргийг энэ бүлэгт бичсэн байна.
Би энэ бүлгийг уншаад нэг юмыг уншиж байгаа эрчүүд бодоосой гэж хүссэн. Юу вэ гэхээр номонд бичсэн зүйлсийг зөвхөн “дэгээ, өгөөш” болгож ашиглахгүй байгаасай, ухамсартайгаар, мөн цаашид юу хүсэж, хүлээж байгаагаа мэдэж, эмэгтэйдээ чин сэтгэлээсээ хандаж, дотороосоо ухамсарлаж хэрэгжүүлээсэй гэж. Өөрөөр хэлбэл олон бүсгүйчүүдийг найрах чадвартай Дон жуан шиг лаг гар гэдгээ, хэдэн бүсгүйг найрч өвөртөө оруулснаа гайхуулж ярьдаг “өөдгүй” эрчүүд өнгөрсөнд ч одоо ч бүсгүйчүүдийн үнэлж барамгүй цаг хугацаа, амьдрал, хүүхдийн ирээдүйгээр тоглочихоод юу ч болоогүй мэт яваад өгдөг эрчүүд олон байдаг тул худлаа дүр эсгэж, хүнийг битгий хуураасай гэж бодсон шүү.
Гэхдээ энэ ном угаасаа тийм зүйлрүү уруу татах өнцөгөөс бичигдээгүйн зэрэгцээ бүсгүй хүнийг хэрхэн хүндэлж, ойлгох ёстой давхар өгүүлсэнд үнэхээр талархмаар байсан гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй.
Онцлох эшлэл :
...Эмэгтэй хүнд хэрэг болж байгаагаа мэдэхээрээ эрчүүд өөрсдөөрөө бахархдаг. ...
Бүлэг 6
“Харилцааны гуравдугаар үе : Үерхэл”
За ингээд болзсоор байгаад үерхээд эхэлсэн. Тэгтэл энэ үе дээрээ л хүмүүс нэг нэгэндээ нөгөө “Алаагүй байхад үнэн сайхан, аваагүй байхад авгай сайхан” гэдгийн үлгэрийг жинхэнэ утгаар нь харуулдаг байх нь л дээ. Учир нь энэ үе дээрээ эр, эм хүмүүс хэн нэгнийхээ нөгөө “өнгөлөн далдлалтад” хуурагдсанаа олж мэдээд, сул талуудыг нь олж харж эхэлдэг юм байна. Мэдээж бүх хүн төгс биш тул энэ үеийг хэрхэн даван туулах, хэрхэн харилцах, мөн юу болоод байгааг хэрхэн ойлгох талаар энэ хэсэгт өгүүлсэн байна. Энэ бол "хамаг эвдрэлийн үүд нээгддэг" хэцүү даваа шүү дээ.
Онцлох эшлэл :
.... Үргэлж амжилттай байхын тулд амжилтад хүрсэн шинж чанараа хадгалах хэрэгтэй. ...
Бүлэг 7
“Дотно харилцаа”
Энэ нэрийг нь уншаад та за энэ ёстой халуухан юм байгаадаа гэж бодож байна уу? Ккк Би ч бас за одоо яаж уншина аа гэхээс нүд “халууцаад” байсан чинь та бид хоёрын бодсон зүйл шиг биш юм билээ.
Эрэгтэй эмэгтэй хүмүүс ямар онцлог шинж чанартай болох, түүнд нь ямар хариу үйлдэл үзүүлбэл эсрэг хүйстэн нь баяртай байдаг, дургүй байгаагаа хэрхэн илэрхийлэх, ямар хариу үйлдэл үзүүлэх, юуг яаж хэлэх, алдаа сул талуудыг нь хэрхэн хүлээн зөвшөөрөх, мөн үнэхээр таны байх хүн чинь мөн үү биш үү гэдгийг энэ бүлгээс мэдэж болно.
Онцлох эшлэл :
.... Хосууд хамт байх үед хэн хэн нь үргэлж эерэг, сайхан ааштай байх албагүй. ....
.... Бүсгүй сайхан зантай байхдаа залуугаа баярлуулах зүйлийг харамгүй хийдэг. ....
Бүлэг 8
“Надтай гэрлээч”
За ингээд эцэст энэ миний насан туршдаа хамт амьдрах хүн байна гэж сонгоод гэрлэх санал тавих болжээ. Тэгвэл энэ үйлдлийг хийхдээ ухамсартайгаар, бас дурсамжтай сайхнаар зөв хийх ёстой юм байна.
Мөн нэгэнт гэрлэсэн хосууд харилцаандаа юуг анхаарах ёстой, хэрхэн ойлголцох, ямар үед яаж харьцах талаар энэ хэсэгт өгүүлсэн.
Онцлох эшлэл :
... Хосуудын сурвал зохих хоёр ур чадвар бий. Энэ бол УУЧЛАЛ ГУЙХ, мөн УУЧЛАХ юм.
Бүлэг 9
“Капитализмыг алгасч болохгүй”
Хосууд өмнө дурдсан шатуудаар нэг бүрчлэн алхаж үзэлгүйгээр давж алхсанаас болж асуудал үүсдэг гэнэ. Өөрөөр хэлбэр аль нэг тал нь хэт яарах нь уршигтай гэсэн үг. Өөрөө хэлбэл хэн нь хэн бэ гэдгийг таних, таниулах боломж өгөлгүйгээр дараагийн шатруу алхсанаар үл ойлголцох үүсдэг байх нь.
Онцлох эшлэл :
.... Харилцааны таван үеийг амжилттай туулахын тулд хосууд мөрөөдөл дунд бус бодит байдалд амьдрахыг хичээх хэрэгтэй. ...
Бүлэг 10
“Ухрах үргэлж муу биш”
Энэ бүлэг их чухал санагдсан. Та бид нэг нь богтолж, нөгөө нь богтлуулаад насан туршдаа тэр хүнтэйгээ хүссэн ч, эс хүссэн ч амьдрахаас өөр аргагүй тэр цаг үед амьдраагүй нь аз юм даа.
Өмнө хэн нэг нь хэт их яарах нь сөрөг талтай талаар дурдсан. Харин яарсан байвал яах вэ? Хэн нэгэн нь харилцаандаа эргэлзсэн, эсвэл яахаа мэдэхгүй байгаа бол дээр дурдсан алхмуудын аль нэгрүү буцаж ухрах нь буруу зүйл биш гэж байна. Мэдээж дурлаж татагдсан хосуудад энэ хэцүү ч гэсэн хожмын том алдаа гарахаас сэргийлэх маш чухал алхам байдаг байх нь.
Онцлох эшлэл :
... Ухралт салалтаас дээр хэдий ч хосууд эхнээсээ бодолтой байж ирээдүйд ухрахгүй байх нь чухал. ...
Бүлэг 11
“Төгсгөл буюу амар сайхандаа жаргав”
Энэ хэсэгт нэг киноны жишээ байгаа. Энэ жишээнд ер бидний амьдралдаа гаргадаг олон ижил төстэй харилцаа, хандлагуудыг багтаасан байгаа. Олон юм нуршихын оронд зарим эшлэлүүдийг оруулах нь зөв гэж бодлоо.
Онцлох эшлэл :
.... Бид яагаад өнгөрсөн хойно нь эсвэл заавал салж сарних дээрээ тулж байж юмыг ойлгоно вэ?
Бид яагаад өөрсдийгөө ийм байдалд оруулдаг юм болоо? ...
... Хүнд хайртай болох, дурлах амархан. Харин харьцаагаа, харилцаагаа эрүүл байлгана гэдэг хэцүү.
За нэг иймэрхүү. Ер нь хүн гэдэг амьтан нэг юм хэлээд л, эсвэл нэг ном уншаад л шууд гэгээрчихдэг бол сайхан аа. Даанч энэ нь тухайн хүний үг төлөвшил, юмыг хүлээн авах, хэрэгжүүлэх чадвар, гэр бүлийн хүмүүжил, нөлөөлөл зэрэгтэй шууд хамааралтай байх юм даа.
Юутай ч "хүн бүрийн уншсан байх ёстой" ном гэж хуудас болгоноос нь мэдрэгдсэнээ дахин хэлье.
Comments
Post a Comment