"Өөдөө тэмүүл" Шейрил Сандберг номын ревю
“ӨӨДӨӨ ТЭМҮҮЛ”
Зохиогч : Шейрил Сандберг
Хуудас : 221
Номын бүтэц :
Оршил – Өөрчлөлтийг
өөрөөсөө эхлүүлэх нь
1.
Манлайлах хүсэл зориг тутах нь
2.
Ширээнд ойртон суу
3.
Амжилт олох уу? Аятай сэтгэгдэл төрлүүлэх үү?
4.
Карьер бол шат бус ширэнгийн зам
5.
Та миний ментор мөн үү?
6.
Үнэнийг эрэлхийлж үнэнийг ярь
7.
Цаг нь болоогүй байхад ажлаа бүү орхи
8.
Нөхрөө жинхэнэ хамрагч болго
9.
Бүхнийг амжуулна гэх үлгэр
10.
Одооноос ярьж эхэлье
11.
Эрх тэгш нийгмийн төлөө эв эеэ нэгтгэх нь
Уншигч миний ойлголт :
Тус ном нь эмэгтэйчүүдийг
нийгэм дэх тур дундаа өөрийн хүсэл тэмүүллийг төлөө өөрөө хэрхэн
хичээж санаа тавих, түүнийг нь гэр бүл, эсрэг болон эерэг хүйснийхэн,
албан байгууллагууд, төрийн зүгээс хэрхэн дэмжиж болох тухай Facebook-н Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шейрил Сандберг өөрийн
зүгээс санаа бодлуудаа судалгаан дээр үндэслэн гаргаж тавьсан тун энгийн үг
хэллэгтэй болж.
Тус номноос дараах
гол ойлголтуудыг авч болохоор санагдлаа. Үүнд :
Нийгэмд тогтсон эмэгтэй нь гэртээ үлдэж үр хүүхдээ халамжлах, гэр
орны ажлаа хийх арын албыг ямар нэг үнэлэмжгүйгээр, бас өөрийн хүсэл
тэмүүлэл, нөөц бололцоогоо золиослон байж дан ганцаар хариуцан үлдэх үүрэгтэй,
эрэгтэй нь зөвхөн мөнгө л олохын төлөө цаг наргүй ажиллах л ёстой
гэсэн хэвшмэл ойлголтоосоо салах цаг нь болсон.
Эмэгтэй эрэгтэй хүмүүс биологийн ялгаанаас бусдаар оюуны яг ижил
нөөц бололцоотой бөгөөд түүнийгээ яг ижил ашиглаж, нийгэмд
хувь нэмэрээ оруулах эрхтэй
Эрэгтэй эмэгтэй хүмүүс
ижилхэн хэмжээнд санхүүгийн бие даасан байдалтай байх нь гэр бүлийг илүү
тогтвортой аз жаргалтай байлгах хөшүүрэг болдог
Эрэгтэй хүмүүс гэр бүлийн
амьдралд эмэгтэй хүмүүсийн адил хариуцлага хүлээж сурах нь сэтгэл ханамжтай, аз
жаргалтай байх шалтгаан болдог
Эмэгтэйчүүд бие
биесээ карьерийн төвшинд харилцан дэмжиж ажиллах нь нийгэмд
өөрсдийнхөө байх суурийг чөлөөтэй илэрхийлж, хадгалж, хамгаалах нөхцөл болдог
Бүх эмэгтэйчүүд карьер хөөх
албагүй ч өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө ажиллаж буй бүсгүйчүүдээ
гэртээ байдаг бусад бүсгүйчүүд нь, гэртээ байхыг илүүд үздэг бүсгүйчүүдээ ажил
хийдэг бүсгүйчүүд нь харилцан ойлголцож дэмждэг байх
Номны зарим товчололуудаас
:
Оршил – Өөрчлөлтийг
өөрөөсөө эхлүүлэх нь
Тус бүлэгт жирэмсэн
эмэгтэйчүүдэд зориулсан зогсоол нөөцлөх асуудлаас эхлээд, тэдний ур чадвартай
эсэхээс үл хамаарсан цалин хөлсний хэмжээ нь эрэгтэй
хүмүүстэй харьцангүй зөрүүтэй байдал, удирдах төвшинд, улс
төрийн манлайлалд эмэгтэйчүүдийн илэрхий хэт зөрүүтэй тоо зэргээр
эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлах, үл тоомсорлох хэвшмэл ойлголтоор хүлээж
авсаар байгааг харуулсан. Үүнийг домогт хөрөнгө оруулагч
Уоррен Баффет “Миний амжилтын нэг шалтгаан бол хүн амын талтай нь л
өрсөлдөж байгаагийнх” гэж хэлснээр баталгаажуулж өгсөн байна.
Эш татмаар голлох
өгүүлбэрүүд :
Эмэгтэйчүүд ажлын талбарт
хүйсээр ялгаварлах үзэл, бэлгийн дарамт зэрэг бодит бэрхшээлүүдтэй их бага
хэмжээгээр тулгардаг. Хүүхдээ өсгөхийн зэрэгцээ карьер хөөхөд
зайлшгүй шаардагдах уян хатан ажлын цаг, эцэг эхийн чөлөө зэргийг тун цөөн
байгууллага санал болгодог.
(Монголд
бол бүр энэ талаар яриад ч хэрэггүй)
Эмэгтэйчүүд эрчүүдийг
бодвол өөрийгөө батлан харуулахын тулд хавьгүй ихийг хийж бүтээх шаардлагатай
болдог.
Нийгмийн зүгээс ирэх гадаад
бэрхшээлүүдээс гадна эмэгтэйчүүд өөрөө өөрсдийгөө дөнгөлж орхидог.
Бид өөртөө итгэхгүй байснаараа, гараа өргөхгүй байснаараа, өөдөө тэмүүлэх бус
арагш ухарснаараа их бага хэмжээгээр өөрсдийгөө хойш татдаг.
Нийгэмд хэвшсэн сөрөг
ойлголтуудаас үүдэн бид шулуун шударга, идэвх зүтгэлтэй, эрэгтэй
хүнээс хүчирхэг байх нь буруу мэт болдог.
Эрэгтэй хамтрагчдаа бодвол
бидний тун цөөн хэсэг нь л ахлах, дээд албан тушаалд тэмүүлдэг.
Бүх эмэгтэйчүүд хүүхэдтэй
болонгоо карьер хөөхийг хүсдэггүй. Энэ нь амбицгүйдээ биш,
тэртээ тэргүй хүссэн амьдралаараа амьдарч байгаагийнх байдаг.
Хүн бүр зөвхөн өөрийн гэсэн
зам мөрийг гаргаж, амьдралдаа, үнэт зүйлсдээ, мөрөөдөлдөө нийцсэн зорилтыг
тодорхойлох ёстой.
Нэг. Манлайлах хүсэл зориг
дутах нь
Энэ бүлэг зохиогчийн эмээ
болох Розалинд Эйнхорн уламжлалт хэвшмэл ойлголт болох
эмэгтэйчүүд гэрийн л ажил хийх ёстой гэсэн үзлийг эвдэн
өөрийн карьерийг хөөхийн зэрэгцээ хүүхдүүд төрүүлэн, тэднийхээ
боловсролд ч мөн сайтар анхаарч ирсэн тухайгаар эхэлнэ. Бүсгүйчүүд
сурлагын өндөр амжилттай суралцаж төгсдөг хэдийн ч ажлын байран дээр өөрсдийгөө
үнэлэх, амбицтай байх, шударга, зарчимч байсныхаа төлөө захирангуй
гэж чичлүүлэх, ар гэрээ гаргуунд нь хаясан муу гэрийн эзэгтэй
гэж дүгнүүлэхвий гэсэн айдсаасаа болж өөрийн хүсэл
мөрөөдлөө гаргуунд нь хаяж бууж өгдөг тухай олон төрлийн судалгаа тоо
баримтаар нотолсон байна.
Эш татмаар онцлох
өгүүлбэрүүд :
Эрсдэл үүрэх, өөрийгөө
өмгөөлөх, охидын тэр бүр гаргаад байдаггүй онцлог чанарууд
бол чухамдаа карьерийг ахиулагч хүчин зүйлс юм. Охид сурлагын
амжилт гаргасныхаа хэрээр ирээдүйд удирдах төвшинд олноороо гарахгүй байгаа нь
магадгүй үүнтэй холбоотой.
2012 онд Мак Кинзийгээс тэргүүлэх
компаниудын 4000 гаруй ажилтнуудын дунд явуулсан судалгаанд эрчүүдийн 36 хувь ,
эмэгтэйчүүдийн 18 хувь нь удирдах албан тушаалд хүрмээр байна гэж хариулжээ.
“Тэр их амбицтай эмэгтэй”
гэх нь манай нийгэмд сайшаал магтаалын үг огтоос биш
Эрчүүдийг амбицтай,
хүчтэй амжилттай байсных нь төлөө үргэлж магтан сайшаадаг бол эдгээр онцлог
чанарыг үзүүлж буй эмэгтэйчүүд нийгмийн зүгээс шийтгэл хүлээх нь бий.
Жимбори нэг удаа
нярайн хувцсаа сурталчлахдаа хөвгүүдэд зориулж “Аав шигээ ухаантай”, охидод
зориулж “Ээж шигээ хөөрхөн” гэсэн уриа үг ашигласан. Хамгийн гол нь охидод
чиглэсэн иймэрхүү дохионууд зорилтот санаагаа давж, тэдний удирдах амбицыг илэрхий
бууруулж байдаг. Бусдыг удирдан захирахыг завдсан охидыг захирангуй (Bossy) гэх нь элбэг.
... охидод хөвгүүдийн
хүсдэг зүйлийг биш яагаан өнгөтэй зүйлсийг л “шахах” хичээдэг ...
яагаад бүх охид зөвхөн ягаан өнгийн юм авч хөвгүүд өөр өнгийн юм авах ёстой
гэж?
Айдасгүйгээр эмэгтэйчүүд
мэргэжлийн амжилт, сэтгэл хангалуун амьдрал өөд тэмүүлж, аль нэгийг
нь юм уу хоёуланг нь чөлөөтэй сонгож чадна.
Хоёр. Ширээнд ойртон суу
Энэ бүлэгт эмэгтэйчүүд
аливаад оролцохдоо өөрсдийгөө төдийлөн гол үүрэг гүйцэтгэх хүн биш мэтээр үзэж,
хэрэв ямар нэг амжилт гаргасан бол авьяас чадвараа хэтрүүлэн
үнэлүүлээд байгаа юм шиг санагдах нь карьераа өсгөхөд нь саад болдог
тухай яригдана.
Эш татмаар
онцлох өгүүлбэрүүд :
Хэд хэдэн салбарт хийсэн
нэг бус судалгаагаар, эмэгтэйчүүд ажлын гүйцэтгэлээ бодит байдлаас дутуу үнэлдэг
бол эрчүүд хэтрүүлэн үнэлдэг нь тогтоогдсон аж.
Амжилтынх нь нууцыг эрэгтэй
хүнээс асуухад төрөх чадвар, онцлог чанаруудаа дурддаг. Харин эмэгтэй хүнээс
асуухад “маш их хичээж зүтгэсэн учраас”, “аз дайрсан болохоор”, “бусдын
тус дэмжлэг байгаагүй бол” гэх мэтээр амжилтаа гадаад хүчин зүйлстэй
хамаатуулдаг.
Ерөөс өөртөө итгэлгүй байх
нь юм сурахгүй байх, ажил бүтэхгүй байх үндэс болдог.
Өөрийгөө улам сорьж өсөн
дэвжсээр байхын тулд нөөц боломж, ур чадвартаа бүрэн дүүрэн ёстой..
Гурав. Амжилт олох уу?
Аятай сэтгэгдэл төрүүлэх үү?
2003 онд Колумбын бизнесийн
сургуулийн профессор Франк Флин, Нью Йоркийн их сургуулийн профессор Камерон Андерсон
нар ажил эрхэлдэг эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн талаар туршилт
явуулжээ. Энэ туршилтад нэгэн амжилттай хөрөнгө оруулагч эмэгтэйн нэг
түүхийг нэгийг нь тус эмэгтэй өөрийн нэрээр, нөгөөг нь эрэгтэй хүний нэр өгөн
оюутнуудад 2 хуваан тарааж уншуулахад 2-ууланг нь ижил хүндэлж
байсан боловч эрэгтэй нэр өгснийг сэтгэл татам хамтрагч гэжээ. Харин тухайн
түүхийн жинхэнэ эзэн бүсгүйг “хувиа хичээгч, хамт ажиллахыг хүсмээр хүн биш”
гэж дүгнэсэн байна.
Ийнхүү тэдний туршилт
эрэгтэйчүүдийн дунд амжилт болон аятай сэтгэгдэл төрүүлэх 2 эерэг
хамааралтай боловч, эмэгтэйчүүдийн хувьд урвуу хамааралтайг харуулсан байна.
Энэ судалгааг баталсан
олон кейс энэ бүлэгт гарна. Жишээ нь эрчүүд амжилтаа ахиулах тусам
бусдын хүндэтгэлийг хүлээж харин эмэгтэйчүүд амжилтаа ахиулах тусам элдэв хоч (төмөр хатагтай, эмэгчин Атилла гэх
мэт) өгч гоочилдог байна.
Мөн эмэгтэйчүүд ажилдаа онцгойрч эхэлмэгц “түрэмгий”, “багаар ажилладаггүй”,
“төвөгтэй” гэх мэтээр дүгнэж, ярьдаг. Эдгээрийг мэдэрсэн бүсгүйчүүд бусдад
таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд өөрийн чадвартаа эргэлзэж, амжилтаасаа ичиж
эхэлдэг байна. Үүнээс болж хүрч чадах өндөрлөгтөө хүрэхээсээ өмнө
бууж өгдөг. Тиймээс бид ичиж зовохгүйгээр зорилгодоо хүрэхийг чармайх хэрэгтэй
гэдгийг ойлголоо.
Иймд
эмэгтэй лидерүүдийг хүлээн зөвшөөрч тэднээр удирдуулах нь ямар нь
ялгаагүй гэдгийг ойлгох, эмэгтэй лидерүүдэд боломж олгосноор
бизнесүүд хэчнээн амжилттай ажиллаж болохыг жишээгээр тайлбарласан
байна.
Эш татмаар онцлох
өгүүлбэрүүд :
Бусад хүмүүс биднийг хойш
тавихаас өмнө бид өөрсдөө хойш суудаг
Удирдан манлайлах чадварыг
эрчүүдтэй холбож, асран хамгаалах чанарыг эмэгтэйчүүдтэй холбодог ойлголт манай
нийгэмд нэгэнт хэвшсэн тул эмэгтэйчүүд давхар хүлээсэнд орчихдог.
Хэрвээ эмэгтэй хүн өрсөлдөх
чадвартай бол бусдад аятайхан эмэгтэй шиг санагддаггүй. Харин үнэхээр аятайхан
эмэгтэй шиг санагдвал өрсөлдөх чадвартай гэж тооцогддоггүй.
Эмэгтэй хүн аливаа ажлыг
хийх чадвартайн дээр хүн бүртэй найрсгаар хамтран ажиллаж чадна
гэдэгт бид итгэх хэрэгтэй.
Эмэгтэй лидерээр удирдуулах
нь ямар ч ялгаагүй гэдгийг хүн бүр ухаарч, тайван хүлээцтэй хандаж сурах
хэрэгтэй.
Дөрөв. Карьер бол
шат бус ширэнгийн зам
Энэ бүлэгт карьер өсөхөд
ирдэг өөртөө үл итгэх эргэлзээнээс болоод эмэгтэйчүүд өөрийн боломжоо алддаг
тухай өгүүлсэн.
Мөн карьерыг зөвхөн
нэг байгууллагад өсөхийг хүлээж суух гэхээсээ илүү таатай саналуудыг нөхцөл
байдалтай уялдуулан хүлээн авч өөрийгөө сорьж байх нь зүйтэй гэдгийг олон
жишээгээр харуулсан. Жишээ нь 2010 оны байдаар, дундаж Америк хүн 18-с 40
нас хүртлээ 11 ажил дамждаг судалгаа байдаг байна. Гол нь эдгээрээс
хувьдаа олон хэрэгтэй туршлага, мэдлэг, сургамжуудыг авч үлдэх хэрэгтэй. Өөрөөр
хэлбэл карьерийг эхнээс нь эцэс хүртэл заавал төлөвлөөд байх
шаардлагагүй гэсэн үг. Энэ нь хэтийн зорилго, мөрөөдөлгүй бай гэсэн үг огтоос
биш. Гэхдээ энэ нь богино хугацааны төлөвлөгөөг бол үргэлж гаргаж байх нь
зүйтэй. Карьер өгсөхдөө цалин, нэр хүн биш өөрийн өсөж хөгжих,
өөрийгөө харуулах боломж, тухайн компанийн эрхэм зорилго нь өөрийн эрхэм
зорилготой нийцэж байгаа эсэхийг харах нь чухал.
Эш татмаар онцлох
өгүүлбэрүүд :
Шатны оройд хүрэг зам нэг л
байдаг бол ширэнгийн төгсгөлд хүрэм зам олон бий
Ширэнгийн замд хүн эргэн
тойрноо сайн харах бол шатан дээр ихэвчлэн дээдэх хүнийхээ өгзгийг л ширтэж
таардаг.
Би компанийн хурдтай
өгсөх болмж хийгээд эрхэм зорилгыг нь албан тушаалаас илүүд үзсэн.
Заримдаа нэг л ажилд, нэг л
байгууллагад удаан ажиллах нь идэвхгүй байдалд дасгаж, шинийг
эрэлхийлэх, өсөж хөгжих, боломжийг хязгаарладаг. Гэтэл төрөл бүрийн туршлага
хуримтлуулах нь чухамдаа манлайлагч болох урьдач нөхцөл билээ.
Тав. Та миний ментор мөн
үү?
Ментор гэж
өөрийн карьераа өсгөхийг хүссэн залуу мэргэжилтнүүдэд өөрийн мэдлэг
туршлагаасаа хуваалцаж, сургаж зөвлөж, алдаа оноог хэлж, зоригжуулж, танилын
хүрээг өргөсгөхөд тусалж дэмждэг ахмад мэргэжилтнийг хэлдэг. Энэ бүлэг
эмэгтэйчүүд өөрийн ментортой болоход ямар саад бэрхшээл тулгардаг,
түүнийг хэрхэн зөв даван туулах тухай зохиогч өөрийн санаа бодлоо хуваалцсан
байна. Гэхдээ ментортой болоод бүх асуудал шийдэгдэнэ гэсэн
үг биш. Ментортой болохын тулд хувь хүн өөрөө онцгойрох чадвартай
байх хэрэгтэй. Ментортой болох тухайд ч
гэсэн хүйсийн харилцааны буруу ойлголт түрүүлэх бусдад
буруугаар ойлгогдох эрсдэл бүсгүйчүүдэд тулгардаг.
Эш татмаар онцлох
өгүүлбэрүүд :
Чамайг ажилд
авах боломжтой хүмүүстэй уулзахаасаа өмнө чухам юу хийх хүсэлтэйгээ
сайтар ухаарсан бай. Байгууллагынх нь талаар судалснаа үнэхээр сонирхож
байгаагаа харуул.
Тусламж хүсэх сул доройн
шинж бус харин ч олонх тохиолдолд замд гарах эхний алхам байдаг.
...Эрэгтэй, эмэгтэй
хүмүүсийн харилцааг заавал бэлгийн харилцаатай холбож ойлгох нь өрөөсгөл хэрэг.
Түүнчлэн ийм хувиар харилцаа үүсгэсэн хүн бүр мэргэжлийн хувиар биеэ зөв зүйтэй
авч яваадаа итгэлтэй байх ёстой.
Карьерийн төвшин
ойролцоо яваа найзууд сүүлийн үеийн ашигтай зөвлөгөөг өгч чаддаг.
Түүнчлэн үе тэнгийн
удирдах бус гүйцэтгэх төвшний ажилтнууд удирдах төвшний ойлгохгүй байгаа асуудлуудыг
олж харах нь бий.
Зургаа. Үнэнийг эрэлхийлж
үнэний ярь.
Эш татмаар онцлох
өгүүлбэрүүд :
Ажлын байран
дээр шударга, үнэнийг хэлэх нь эмэгтэйчүүдэд дараах айдсыг бий болгодог
тул ихэнхдээ дуугүй өнгөрдөг. Ингэснээрээ өөрийгөө илэрхийлж, өөдөө
дэвших боломжоо алддаг байна.
Бусдадаа багийн
тоглогч биш юм шиг харагдах вий
Сөрөг хандлагатай
эсвэл үглээ юм шиг харагдах вий
Бүтээлч шүүмжлэл нь байдаг
л нэг санал шиг сонсогдох вий
Бусдын анхаарлыг өөр дээрээ
татаж, шүүмжлэлийн бай болох вий
Ингэж айхгүйгээр санаа
бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд бас бидэнд бодууштай зүйл бий. Энэ нь үзэл бодлоо
хэтэрхий хатуу ширүүнээр илэрхийлэхээс зайлсхийж, зохих
хүндэтгэлтэйгээр шударгаар илэрхийлж чадах явдал юм.
Шударга үнэнийг хэлэхийн
зэрэгцээ, шударга үнэнийг сонсож чаддаг, нээлттэй байж сурах нь маш чухал.
Үнэнийг сонсоход бэлэн байна гэдэг нь алдаануудаа хүлээн зөвшөөрч, шүүмжлэл
дуулахаас эмээхгүй байхыг хэлдэг тухай номын зохиогч өөрт тохиолдсон
явдлаар жишээ татан тайлбарласан байна.
Долоо. Цаг нь болоогүй
байхад ажлаа бүү орхи.
Энэ хэсэгт охид бүр
сургуульд байхаасаа карьер болон гэрлэлт хоёрын аль нэгийг сонгох
тухай бодож эхлэх нь буруу гэдгийг нь хэтэрхий эрт гэдгийг зохиогч
өөрийн эргэн тойронд тохиолдсон кейсүүдээр жишээ татаж бичсэн.
Жишээ нь амжилттай яваа
эмэгтэй ажилтан хүүхэдтэй болох тухай бодож эхлэнгүүтээ л өөрт тохиолдож буй
боломжуудыг бага багаар хааж хумьж эхэлдэг гэсэн байна. Мэдээж карьер хөөхийг
хүсдэггүй, хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө зориулах сонголтыг хийж буй
бүсгүйчүүдийг үүнд хамааруулж буруутгах гээгүй. Энэ бол цэвэр хувь
хүний сонголт шийдвэр тул хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
Гол санаа нь завсарлага
авах шаардлагатай эсвэл хүүхэд төрүүлэх үедээ л биш бол цагаасаа эрт ухарч,
урагш тэмүүлэхээ больж болохгүй гэсэн санаа.
Эш татмаар онцлох
өгүүлбэрүүд :
Эмэгтэйчүүдийг хойш татдаг
бас нэг зүйл бол тэднээс шалтгаалдаггүй хүчин зүйл. Энэ нь уян хатан бус ажлын
хуваарь, өндөр төлбөртэй эсвэл, найдаж боломгүй хүүхдийн асрах төвүүд, хүүхэд
харах цалинтай чөлөө хангалттай хэмжээнд олгодоггүй зэрэг юм.
(Монголд бол төрөөс зохицуулах ёстой маш чухал асуудал,
хөдөлмөрийн тухай хууль, цалинтай ээж нэрийн дор сард 50хан мянган төгрөг
олгодог, байгууллагуудын хүүхэд гаргасан эмэгтэйд үзүүлэх ажлын цаг болон бусад
ажиллах таатай нөхцөлийн уян хатан байдал гэх мэт заавал хийх шаардлагатай олон
асуудал байна. Дээрх асуудлуудыг зохицуулж чадвал нийгэм, улс орны хөгжилд маш
үнэтэй хувь нэмэр болох юм.)
Найм. Нөхрөө жинхэнэ
хамтрагч болго
Энэ бүлэгт хүүхэд асрах
гэдэг бол зөвхөн эмэгтэй хүний ажил биш гэдгийг ойлгуулахыг хичээсэн байна.
Өөрөөр хэлбэр эхнэр нь ажил хийх шийдвэрийг гаргасан л бол нөхөр түүнд дэмжлэг
үзүүлэх хэрэгтэй. Нөхрийн өгөх сэтгэл санааны болон хамтын амьдралын
дэмжлэгийг гаднын асрагч орлуулж чадахгүй. Орчин үед гэр бүлийн аль
аль нь ижил тэнцүү хэмжээний ажлын цагаар ажиллаж, гэртээ,
үр хүүхдэдээ ижил тэнцүү хэмжээгээр цаг зарцуулах хэрэгтэй болсон.
Эш татмаар онцлох
өгүүлбэрүүд :
Энэ бол биологийн бус
ухамсрын асуудал гэжээ.
Эрчүүд
хүүхэд асрахыг гол төлөв эхнэрээсээ суралцдаг тул тэднийг гэрийн
ажилд оролцуулах уу? Үгүй юу гэдгийг эхнэрүүд шийдэх боломж байдаг. Эхнэрүүд
бүгдийг өөрөө хийх гэж оролдох, түүний хүчин чармайлтад эргэлзэх юм
бол эрэгтэй хүн гэрийн ажил хийх сонирхолгүй бол эхэлдэг. Түүний буруу зөв хийх
нь чухал биш харин хийж байгаа нь чухал. Тиймээс түүнийг өөрийн хамтрагч
болгохыг хүсвэл өөртэйгээ эн тэнцүү чадвартай хамтрагч гэдгийг хүлээн
зөвшөөр.
Эмэгтэй хүний карьерын хамгийн
чухал шийдвэр бол амьдралын ханиа зөв сонгох. Форчун сэтгүүлээс
гаргасан шилдэг 28 гүйцэтгэх захирлын 26 нь нөхөртэй, 1 нь салсан, харин 1 нь
огт гэрлээгүй байсан байна. Үүнээс харахад тэдний нөхрүүд эхнэрийгээ хэрхэн
дэмжиж, хамтрагч нь байж чадсан болохыг харж болно. Тэдний ихэнх нь “Нөхөр
маань хүүхдийн асаргаа, гэрийн ажил зэрэгт хамжилцан намайг дэмжээгүй
бол би ийм амжилтад хүрч чадахгүй байх байсан” гэдэг ажээ.
2007 онд өндөр боловсролтой
боловч ажлаа орхисон эмэгтэйчүүдийн 60% нь нөхөр нь ийм
шийдвэр гаргахад хүргэсэн гэсэн байна. Энэ бол нөхөр нь хүүхдийн
асаргаа, гэрийн ажил зэрэгт эхнэрийгээ 100% хариуцлага үүрүүлдэгийн хар
жишээ юм.
Зохиогч өөрийн туршлагаа
хуваалцахдаа : долоо хоногийн эхэнд хэн нь хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхийг
ярилцаж шийддэг, оройн хоолны үеэр бүгд хамтдаа байхыг эрмэлздэг, хэрэв үнэхээр
ирэх боломжгүй бол нөгөөх заавал ирсэн байхыг хичээдэг, амралтын өдрүүдийг 100%
гэр бүл хүүхдүүддээ зарцуулдаг гэсэн байна. Гэрийн аливаа хариуцлага, ажил
үүргүүдийг хувиарлаж авсан байдаг. Ингэдэг болохын тулд олон удаагийн
нухацтай яриа, бие биеэ ойлгох уучлах чадвартай байж одоогийн энэ
байдалд хүрсэн гэжээ.
Жендэрийн асуудлыг улам хурц болгодог нэг зүйл бол
эрэгтэй хүний амжилтыг эхнэрийнхтэй нь харьцуулдаг байдал. Хүмүүс өнөөг хүртэл жаргалтай
хосуудын нөхөр нь эхнэрээсээ ажил мэргэжлээрээ өндөр амжилттай яваагаар төсөөлж
ирсэн. Гэтэл өнөөдөр байдал шал өөр болсон. Бүгд ижил тэгш өөдөө өгсөх
боломжтой болсон.
Эрчүүд хэдийн чинээ гэрийн
ажил хийнэ, эхнэрийн стесс төдий чинээ буурч, гэр бүлийн зөрчил
багасан, сэтгэл ханамж нэмэгддэг байна. Түүнчлэн эхнэр нь ажил хийдэг бол гэр
бүлийн амьдрал илүү тогтвортой байдаг байна. Судалгаанаас эмэгтэй өрхийн
орлогын талыг олж, нөхөр нь гэрийн ажлын 50%-г хийдэг бол салах магадлал 50%-р
буурдаг байна.
Ес. Бүхний амжуулна гэх
үлгэр
Эш татмаар онцлох
өгүүлбэрүүд :
Ажил эрхэлдэг ээж,
аавууд ялгаагүй л хэд хэдэн үүрэг хариуцлага зэрэг хүлээдэг байхад ээжүүд
эдгээрээс гадна “Та нар ажил төрөл үр хүүхэд аль алиныг нь орхигдуулаад байна
шүү” гэдэг бүдүүлэг асуулт, зэмлэсэн харцыг тэвчих ёстой болдог. Угаас бүхнийг
амжуулах буюу бүх зүйл санаснаар бүтнэ гэж найдаж хүлээх нь урам хугарахын
эхлэл. Хэн ч 2 бүтэн цагийн ажил хийж, хүүхдүүдээ төгс сайхнаар өсгөж, үүр
цайтал хэдэнтээ дур тавьж чадахгүй гэжээ. Төгс байхад тэмүүлснээр бид уур
бухимдалтай болж, эсвэл өөрсдийгөө дөнгөлж орхидог байна.
Тиймээс амьдралдаа ч ажилдаа ч хувийн хязгаараа тогтоож, баримтлах нь
зүйтэй.
Ингэхийн тулд цагийн үр бүтээлтэй өнгөрөөх олон
аргуудыг дурдсан байна. Үүний тул байгууллагууд ч гэсэн ажлын үр
бүтээлээр бул оффист суусан цагаар ажлыг дүгнэдэг хоцрогдсон сэтгэлгээнээсээ
салах хэрэгтэй гэжээ. Үүний зэрэгцээ евродын зарим
орнууд ажлуу уртасган ажиллахыг хорилосон тухай, мөн хүн
нойроо хасаж унтах ёстойгоосоо бага унтах нь согтууруулах ундааг
жолоо барих хэмжээнээс давсантай ижил хэмжээгээр оюун ухаанд нөлөөлдөг, уур
уцаартай, санаа зовомтгой болгодог тухай бичсэн байна. Стэнфордын профессор
Женифер Аакер “Хүрч болох зорилтуудыг тодорхойлох нь аж
жаргалтай амьдрахын үндэс” гэжээ.
Арав. Одооноос ярьж эхэлье
Эш татмаар онцлох
өгүүлбэрүүд :
Жендэрийн асуудлаар
ярих нь өөрсдийгөө мэргэжлийн бус, бусдыг шүүмжилж байгаа мэт харагдуулна
хэмээн эмэгтэйчүүд, тэр дундаа доод төвшний эмэгтэй ажилчид
боддог. Ингэх нь байдлыг хүндрүүлнэ,
шийтгүүлнэ, халагдана, тэрний оронд дуугүй хүлцэн тэвчих нь
аюулгүй санагддаг гэсэн байна.
Бид харилцан ярилцаж,
бусдыг сонсож, мэтгэлцэж, няцааж, сургаж, суралцаж, өсөн дэвших хэрэгтэй, бас
эрхтэй. Эрэгтэйчүүд мөн эмэгтэйчүүдэд энэ боломжийг олгож сурах хэрэгтэй.
Судалгаагаар
хүйсийн алагчлал нь ажлын гүйцэтгэлийн үнэлэх үнэлгээнд нөлөөлдөг
бөгөөд эрчүүдийг байгаа төвшнөөс нь илүү, эмэгтэйчүүдийг дутуу үнэлэх шалтгаан
болдог байна.
Энэ бүлэгт бүсгүйчүүд
өөрсдийгөө дутуу үнэлэхээ зогсоох, эрчүүд эмэгтэйчүүдийг ижил тэгш
эрхтэйгээр нийгэмд оролцохыг хүлээн зөвшөөрөхийг уриалсан байна. Мөн бодит
амьдрал дээр хүйсээр алагчлах хандлагууд байдаггүй мэт аашлахаа зогсоох ёстой
гэжээ.
Дээрх агуулга нь Харвардын
бизнесийн сургуулийн судалгаагаар компанийн ажил, үйлчилгээний орчинг
сайжруулаад зогсохгүй, хүн бүр илүү аз жаргалтай байх нөхцөлийг бүрдүүлдэг
болохыг нотолсон тухайгаар энэ бүлэг дуусаж байна.
Арван нэг. Эрх тэгш
нийгмийн төлөө эе эвээ нэгтгэх нь
Эрчүүд тэгш эрхийг хүлээн
зөвшөөрөх, өөрсдийн оролцоог бодитоор харуулах, үйлдэх, эмэгтэйчүүд өөрсдийгөө
дутуу үнэлэхээ зогсоох, зоригтой, ухаалаг байхад нийгмийн шинэ
үеийнхний бодит оролцоо маш чухал. Үүнийг төрөөс, байгууллагуудын зүгээс
дэмждэг, нөхцөл бололцоог бүрдүүлж өгдөг болох хэрэгтэй.
Эш татмаар онцлох
өгүүлбэрүүд :
Мөн үүний хажуугаар
эмэгтэйчүүдийг удирдах ажил хийхэд саад болдог хүчин зүйлсийн нэг нь
эмэгтэйчүүд өөрсдөө байдаг. Нэгийгээ өрсөлдөгчийн нүдээр харах, амбиц нь
дайсагнал болох бусдынхаа нэр хүндийг унагах гэх мэт сөрөг хандлагуудаа бид
өөрсдөөсөө эхлэн зогсоох хэрэгтэй.
Эмэгтэйчүүд нэг нэгнийгээ
дэмжих тусам төдий чинээ өөртөө тусалж байгаа хэрэг. Үүнийг бодит болсон
явдлаар жишээ татан бичсэн байна.
Мөн ажил хийдэг эмэгтэйчүүд
гэртээ суудаг эмэгтэйчүүдийг өөрсөдтэй ижил бодит ажил хийдгийг хүлээн
зөвшөөрч, гэртээ суудаг эмэгтэйчүүд ажил хийдэг эмэгтэйчүүдийнхээ сонголтыг
хүндэлж нэг нэгэндээ эрх тэгш хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй.
Эмэгтэйчүүд эрх мэдэл
хэдийн чинээ олуулаа хүрнэ, дарамт шахалт төдий чинээ арилж,
мөн бусдадаа төдий чинээ туслах боломжтой болно.
Англи хэл дээр уншсан. Монгол хэлэнд боломжийн сийрүүлжээ. Эш татаж цаг гаргаж нийтлэл оруулсанд баярлалаа.
ReplyDeleteбаярлалаа :)
ReplyDelete