"Хувийн манлайлал ба нэг минутын менежер" номын ревю

 

“Хувийн манлайлал ба нэг минутын менежер”

Зохиогч : Кен Бланчард, Сюзан Фаулер, Лоуренс Хокинс

Хуудас : 168

Номын бүтэц :

Оршил
1. Та  ид шидэнд итгэдэг үү?
2. Хүмүүс бодол уншигч биш
3. Зааны сэтгэлгээ
4. Хүч
5. Өөрийгөө оношлохуй
6. Юу хэрэгтэйгээ авч сур
7. Хамт гүйсэн нь
8. Шалтаг тоочих хэрэггүй
9. Нэг минутын ид шид

Уншигч миний ойлголт :

Хүн бүр анх, алхаж сурахаас эхлээд, бичиг үзэг заалгах гэх мэт шинэ мэдлэг болон туршлага олж авах төвшинд болгонд хэн нэгний тусламж дэмжлэгийг хүртэж ирсэн байдаг. Алхаж эхлэхдээ түшүүлж, хөтлүүлж, хичээл сургуульдаа багш  нараараа тайлбарлуулж, даган дуурайж гэх мэтээр. Яг үүн шиг бидний ажилд ч мөн энэ зарчмаар үргэлжилдэг байх нь. Ингэхдээ бүр ажилбар тус бүр дээр энэ дамжлагыг давдаг юм байна. 

Гэхдээ энэ бил үргэлж зөвхөн бусдын дэмийг хүлээгээд байх ёстой гэсэн үг биш.  Гол нь нөхцөл байдлаа дүгнэж, юун дээр, хэний туслалцааг авах хэрэгтэй, түүнийгээ хэрхэн илэрхийлэх, хамгийн гол тоглолтыг гартаа авах нь чухал байдаг юм байна. Энэ бүхэнд тодорхой судалгаа, шинжилгээний үндсэн дээр гарч ирсэн арга барилтай, тэдгээрийг энэ ном маш ойлгомжтой, тодорхой зааж өгөх болно.

Дүгнээд хэлэхэд бэлэнчлэх сэтгэлгээ, үргэлж хэн нэгэнд буруугаа өгөх, аливаа саад бэрхшээл асуудалд бууж өгдөг байдал нь ажлаа орхих, ажил хийхгүй байх нэг шалтгаан болдог гэдгийг энэ ном батлан харуулсан юм шиг санагдсан. 

Энэ номыг залуучууд, гүйцэтгэх ажилтнууд заавал, мөн удирдах ажилтнууд ч ажилтнуудаа ойлгох үүднээс заавал унших хэрэгтэй санагдсан.

1. Та  ид шидэнд итгэдэг үү?

Нэгэн залуу харилцагчдынхаа захиалгат ажлыг хангалтгүй хийснийхээ төлөө, харилцагчийнхаа урмыг хугалаад зогсохгүй, хатуу үг сонсож улмаар бүр ажлаа орхих талаар бодож эхлэх тухай эхний энэ бүлэгт гардаг. Аз болж түүнд асуудлаа хэрхэн шийдэх талаар ид шидийн мэт тохиолдлоор нэгэн бүсгүй тааралдаж, зааж сургахаар болдог.

Онцлох эшлэл :

.... Юу санасандаа хүрэхийн тулд удирдлагыг гартаа авах хэрэгтэй. .....

2. Хүмүүс бодол уншигч биш

Бүсгүй залууд эхний хичээлээ нэгэн даалгавар өгснөөр эхэлнэ. Нэг бяцхан судалгааг өөрөө болон ажлынхаа хэдэн хүнээс авахаар болдог. Өөрөөр хэлбэл хүн бүрийн урам авдаг зүйл өөр боловч, нэн тэргүүний 3 зүйлд цалин багтаагүй болохыг анзаарав. Мөн эдгээр нь нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгддөг байх магадлалтай. Гэхдээ энэ бүхнийг биднийг удирдаж буй хүмүүс мэддэг үү?

Онцлох эшлэл :

..... Үнэндээ ажил дээрээ ажилтанд хүрэхийг тулд юу хэрэгтэйгээ олж авах, үүрэг хариуцлагаа ухамсарлах нь өөрт тань л тустай.  ...

3. Зааны сэтгэлгээ

Бүсгүй эхний даалгаврын хариултыг өгөхийн зэрэгцээ, дараагийн даалгавраа өгдөг. Энэ нь “бууж өгөх”, “болохгүй” сэтгэлгээг давж гарах ёстойг жижигхэн хөгжилтэй арга болон циркийн зааны жишээгээр тайлбарласан арга байдаг.

Онцлох эшлэл :

... Хэвшсэн сэтгэлгээний хориг гэдэг нь өнгөрсөн туршлагадаа үндэслэн одоо болон ирээдүйг хязгаарладаг итгэл үнэмшил юм. ....

4. Хүч

Залуу санамсаргүй байдлаар бүсгүйг даган нэгэн дэлгүүрт ирдэг. Тэр дэлгүүрийн хүн бүр хариуцсан ажилдаа чин зүрхнээсээ сэтгэл хангалуун бөгөөд маш сайн хийж байгааг хардаг. Өөрөөр хэлбэл өөрийн давуу тал буюу хүчтэй талаа олж мэдсэнээр, өөрөө өөрийгөө удирдан хүссэн амжилтандаа хүрэх боломжтойг харуулжээ.

Онцлох эшлэл :

.... Хамгийн шилдэг манлайллын нөхцөл бол албан тушаалын хүчтэй мөртлөө түүнийгээ ашиглах шаардлагагүй байх үе юм. ....

5. Өөрийгөө оношлохуй

Энэ номын хамгийн чухал гол хэсэг бол энэ бүлэг. Би яг хаана байна? Надад яг юу хэрэгтэй байгаа вэ гэдгээ тодорхойлж сурах юм. Бүсгүй энэ хэсгийг мөн л илбэ ашиглан залууд ойлгуулахыг оролдоно. Мөн дараагийн даалгаврыг өгнө. Энэ нь өөрийгөө аль үед явааг тодорхойлж мөн өөртөө юу хэрэгтэйг жагсааж ирэх байдаг.  

Онцлох эшлэл :

.... Чадвар чадавх тань сул үед танд чиглэл хэрэгтэй, Итгэл үнэмшил тань сул үед танд дэмжлэг хэрэгтэй. ....

6. Юу хэрэгтэйгээ авч сур

Залуу даалгавраа хийнэ. Мөн өөрийнх нь удирдах ажилтан нь гаргасан алдаатай нь холбоотой уулзалт хийхээр товлодог. Бүсгүй залуугийн даалгаврыг шалгаж, ач холбогдлыг илүү тайлбарлан ойлгуулж, мөн уулзалтандаа юуг яаж бэлдэх талаар зөвлөгөөг өгдөг. Хүн нэг зүйл дээр гаргууд сайн болсон байсан, өөр нэг ажил нэмэгдэхэд тэр эргээд тухайн ажлын хувьд туршлагагүй нэгэн болж хувирдаг байна.

7. Хамт гүйсэн нь

Залуугийн найз бүсгүй гүйлтийн уралдаанд орохоор болдог. Энэ үед залуу өөрийн туршлагаас найз бүсгүйдээ алхам тутамд нь зааварчилгаа өгч зааж сургаснаар уралдаандаа амжилттай оролцдог. Үүгээр юуг өгүүлэх гэсэн бэ гэхээр : өөрт ямар асуудал тулгарсныг тодорхойлоод түүндээ хэний ямар оролцоо хэрэгтэй байгааг олж, түүнийгээ авах нь амжилт гаргах хөшүүрэг гэдгийг ойлгож авах юм.

Онцлох эшлэл :

....... Зорилтууд тодорхой болсон цагт амжилтанд хүрэхийн тулд та санаачлага гарган өөрт хэрэгтэй зүйлсийг авч сурснаар хувь манлайлагч болно. ....

8. Шалтаг тоочих хэрэггүй

Залуу удирдлагатайгаа уулзахдаа бэлдсэн зүйлсээ бүсгүйтэй ярилцаж дуусаад мөнөөх товлосон уулзалтруугаа явна. Залуу энэ өдрийг хүртэлх ойлгосон зүйлсээ ашиглан гаргасан санаануудаа удирдлагадаа тайлбарлан, мөн өөрт нь юу хэрэгтэй байгаагаа буюу бодит чиглэл хэрэгтэй байгааг хэлж, товчоор бол тэд ойлголцож чадна.

Онцлох эшлэл :
..... Тухайн ажил даалгаврын хувьд зорилтдоо хүрэхэд тань туслах чиглэл, дэмжлэгийг өгч чадах хэн ч таны удирдан чиглүүлэгч байж болно. ....

9. Нэг минутын ид шид

Уулзалтаас хойш 9 сарын дараа асуудал болоод байсан ажил нь амжилттай болоод зогсохгүй бүр шагнал авдаг. Түүгээр ч үл барам залууд удирдлага нь тушаал дэвшүүлэх санал тавьдаг. Энэ тухайгаа багш бүсгүйдээ хэлэхээр очихдоо Нэг минутын менежертэй танилцдаг. Улмаар залуу өөрөө багш болж өөрийн ойлгосон хувь манлайллын ур чадваруудаа бусдад ч мөн заах хэрэгтэйг ойлгодог.

Онцлох эшлэл :
.... Хувь манлайлагчид хэвшсэн сэтгэлгээнээс салж, хүчтэй талаа ашигладаг, мөн амжилтын төлөө хамтран ажилладаг. .....

Жич : Дашрамд дурдахад номыг Монгол хэлээр хөрвүүлэн та бидэнд энэ их хэрэгтэй мэдлэгийг олж авахад тусалж байгаа Биплас Монголиа нь байгууллагын ажилтнуудад болон удирдлагуудад тус бүрт нь зориулсан маш үр дүнтэйгээр хамтдаа амжилтанд хүрэх, өгөөжтэй, сонирхолтой, оролцоонд тулгуурлан, бодьтой хэрэгжихүйц байдлаар ордог юм билээ шүү. Азаар энэ 2 сургалтанд аль алинд нь суух завшаан тохиосон юм. Үнэхээр ингэх байж гэж ойлгож авах зүйлс их байхын зэрэгцээ, цаашид хэрхэн ажиллахаа ойлгож авсан. 



Comments

Popular posts from this blog

Хариуцлага

"Өөрчлөлтийн удирдлага" Жон П.Коттер номны ревю

"Өөдөө тэмүүл" Шейрил Сандберг номын ревю