ХҮМҮҮНЛЭГ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ХИЙСЭН ДҮН ШИЖИЛГЭЭ, САНАЛ ШҮҮМЖЛЭЛ
ХҮМҮҮНЛЭГ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ,
САНАЛ ШҮҮМЖЛЭЛ
Улсын их хурлын гишүүн Б.Батэрдэнэ, Л.Энхамгалан нараас 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцээд гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь дэмжиж хэлэлцэхээр болсон холбоотойгоор
Миний бие
1. Тус хуулийг мөрдүүлэх субъект буюу Монгол улсын иргэний хувьд
2. Монгол улсын боловсролын салбарын хөгжилд сул суурьтай, бодитой судалгаа, шинжилгээгээ, дүгнэлтээр хувь нэмэр оруулах зорилготой “Боловсролд суурилсан хөгжил” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, тэргүүний хувьд
3. Монгол улсын иргэдийг өсгөн хүмүүжүүлж буй эх хүний хувьд
4. Хүүхэд маань улсын сургуульд хэрхэн чанаргүй, хүртээмжгүй, тэгш бус боловсрол эзэмшиж байгааг нүдээр үзэж, биеэр туулж байгаагийн хувьд дараах
ХҮМҮҮНЛЭГ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ДҮН
ШИНЖИЛГЭЭ, САНАЛ, ШҮҮМЖЛЭЛИЙГ ГАРГАЖ БАЙНА
НЭГ.
Хуулийн нэршил өөрөө буруу байна.
“Хүмүүнлэг” гэдэг бол “Ёс суртахуун” гэдэг өргөн хүрээг
хамарсан ухагдахууны зөвхөн нэг л ойлголт. Гэтэл ёс суртахууны бүхэл ойлголтыг
Хүмүүнлэг гэсэн нэг агуулгад багтаах нь өөрөө алдаатай болж байна.
Цэвэлийн толь :
Хүмүүнлэг - Хүнлэг,
энэрэнгүй ёс
Гэтэл хуулийн доторх агуулга нь ёс суртахуун буюу морал,
этикийн асуудлыг бүхлээр нь хамруулах гэж оролдсон байна. Ингэхдээ үзэл санаа,
зарчим зэргийг хооронд хольж хутгасан.
Ethic ба Moral
Ethic – нийгмийн
харилцааны ёс суртахуун
Moral – хувь хүний ёс
суртахуун
Ёс суртахуун гэдэг зүйл бол тухайн улс орны түүх, соёл,
уламжлалт ойлголтууд, улс төр, нийгмийн хөгжлийн үйл явц, бүр цаашлаад газар
нутгийн байршил цаг уурын нөхцөл байдалтай уялдан гарч ирдэг САЙН МУУ, ЗӨВ
БУРУУ-н тухай ойлголт юм.
|
Ethic –
нийгмийн харилцааны ёс суртахуун |
Moral
– хувь
хүний ёс суртахуун |
Үүсэл гарал |
Грекийн “Ethos” - |
Латин “mos” - тодорхой
нийгэм, газар нутаг, цаг үеийн онцлог шинжтэй зан үйл, хийх уламжлалт,
нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн арга |
Тодорхойлолт |
Тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн дунд бий болсон ёс зүйн дүрэм |
Хувь хүнд бий болж, тогтсон ёс зүйн дүрэм. Өөрөөр хэлбэл зуршил. |
Хаана бий болдог |
Нийгмийн дунд |
Хувь хүнд |
Хэн үнэлж дүгнэдэг |
Нийтийн үнэлэмж |
Хувь хүний итгэл үнэмшил |
Ач холбогдол |
Нийгмийн харилцааны бүхий л төвшинд тухайн хүний үнэлэмжийг бий болгох
тул ажил, амьдрал гэх мэт харилцааны бүх төвшний шийдвэрт нөлөөлнө. |
Хувь хүн бүрийн ёс суртахууны төлөвшилөөс хамаарах тул тухайн хүний бие
болон сэтгэл санааны таатай болон таагүй байдалд нөлөөлнө. |
Ёс суртахууны зарчимууд
:
Зарчим - 1. Ямар нэгэн онол сургаал, шинжлэх
ухаан, хууль дүрэм, хэв заншлын үндсэн зүй ёс, гол баримтлал, мөрдлөг. 2. Хүний ул суурьтай, өөрийн бодолтой,
хатуу чанга дэг сахилгыг гол болгох зан
· Шударга
· Үнэнч
· Хариуцлагатай
· Эв хамтач
· Хүмүүнлэг, энэрэнгүй
· Хатуужил,
тэвчээр
· Хичээнгүй
гэх мэт
Ёс суртахууны үзэл
санаа
Үзэл санаа - хүний ухаанд объектив бодит байдал,
үзэгдэл тусч, ертөнцийг цаашид танин мэдэх, практик дээр хувирган өөрчлөх
зорилгыг ухаарсан ухаарал
· Эх оронч
· Байгалиа
дэлхийгээ хайрлах
· Мал
амьтныг хайрлах
· Бусдын
төлөө байх
· Хөдөлмөрч
·
Эрүүл байх гэх мэт
Ахиад хэлхэд :
1.
Хуулийн нэршил нь өөрөө ёс суртахуун гэдэг өргөн хүрээг
хамарсан ойлголтын зөвхөн Хүмүүлэг гэсэн нэг зарчимаар нэрлэгдсэн байгаа нь
цаашид хуулийнхаа зүйл заалт агуулгад хамаарах ойлголтуудтайгаа зөрчилдсөн, эмх
цэгцгүй байгааг харуулна.
Жишээ нь : “Хүмүүнлэг” гэдэг ойлголт эрүүл байх, эх оронч
байх, хөдөлмөрч байх үзэл санаатай огтоос уялдаагүй ойлголт.
Өөрөөр хэлбэл :
Та эрүүл мэнддээ төдийлөн санаа тавьдаггүй байлаа ч эх
орныхоо төлөө чин сэтгэлээ зориулдаг байж болно.
Та бусдын төлөө ажил амьдралаа зориулсан “хөдөлмөрч”
нэгэн байлаа ч эрүүл мэнддээ төдийлөн анхаарал тавьдаггүй байж болно.
Ялангуяа эх оронч
үзэл, эрүүл байх үзэл зэрэг л
биеэ даасан тусад нь авч үзэх зайлшгүй шаардлагатай маш чухал ойлголт бөгөөд хүмүүнлэг гэдэг ойлголттой огт холбоогүй ойлголт.
Хэрэв ингэж бүх санаагаа тусгах гээд байгаа бол ЁС
СУРТАХУУНЫ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ гэж нэрлэх байсан юм биш үү?
ХОЁР.
1.
Бусад хуулийн нэр томъёог ашиглаагүй.
Жишээ нь : аж ахуй нэгж, байгууллагыг хуулийн этгээд гэх.
2.
Дутуу хамааруулсан.
Төрийн байгууллага хамаарахгүй юу? Хамаарах бол төрийн
болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд зэргээр заахгүй байсан уу?
ГУРАВ.
1.
Ариусал. Шашны утга санаатай үг.
Хууль болохоос шашны ухуулга, сурах бичиг биш баймаар. Ариусал
гэдгийг юу гэж ойлгохоос эхлээд маш маргаантай ойлголт. Шашин, тэдгээрийн урсгалуудаас
эхлээд харьцангуй өөр өөрөөр тайлбарладаг.
2.
Хүмүүжил, сайн чанар. Энэ 2 бол маш ерөнхий бөгөөд
харьцангуй ойлголт. Хэрэв хууль бол хааш нь урвуулж болохоор ийм ерөнхий үг
хэллэг байж болохгүй. Хүн бүрийн хувьд хүмүүжил, сайн муугийн тухай ойлголт янз
бүр байдаг.
3.
Харилцаа. Ямар харилцааг хэлж байгаа юм?
ДӨРӨВ.
Энэ маш олон давтагдсан, хоорондоо ижил утгатай, ялган
салгахад бэрх төдийгүй буруу тодорхойлолт байна.
Тайлбар :
Монголын философийн холбооноос гаргасан “Ёс суртахууны боловсрол” номон дээр
“Ёс зүй бол хүнийг хүн болгодог ёс суртахуун, түүний бүтэц, үүрэг, ач холбогдлыг судалдаг философийн салбар ухаан” гэж тодорхойлсон байдаг.
“Ёс суртахуун бол хүний зан авир, үйлдлийн төлөвшил, үнэлэмж, орчин тойрондоо, өөртөө хандах хандлагын хэмжүүр” гэсэн байдаг бол,
Хууль зүйн шинжлэх ухааны доктор, ШУА-ийн гишүүн, академич, профессор С.Нарангэрэл-н “Монголчуудын зан суртахууны гарваль” номонд
“Ёс зүй нь ёс суртахууны мөн чанар ба түүний олон янзын шинж чанар, илрэлийг шинжлэн судалдаг шинжлэх ухаан юм.”
“Ёс суртахуун нь хүний үйлийн субъектив хэмжүүр ба үзүүлэлт” гэсэн байна.
Эдгээрээс үзэхэд Ёс зүй бол шинжлэх ухаан, Ёс суртахуун бол хэм хэмжээ, зарчмуудыг хамруулсан ойлголт болж байна.
ТАВ.
1. Суурь боловсрол. Энэ нь Боловсролын тухай хуулийн 3.1.2-д заасан тодорхойлолт мөн үү? Биш үү? Мөн бол зүйл заалтыг эш татан дурдахгүй байсан уу? Биш бол өөр хуулин дээрх ижил үг хэллэгийг давтан ойлголтын төөрөгдөл үүсгэхгүй байхад анхаарах нь зүйтэй.
2. Насан туршид. Суурь боловсрол гэж дээр дурдчихаад одоо насан туршид гэж байгаа нь хоорондоо зөрчилдсөн ойлголт байгаа биз. Суурь гэдэг бол аливаа зүйлийн суурь буюу бага залуу насандаа олж авсан үдсэн мэдлэг. Харин насан турш гэдэг бол тасралтгүй явагдах үйл явц. Эсвэл насан туршын боловсрол гэдэг утгаар оруулах байсан бол Боловсролын тухай хуулийн 3.1.20-д заасан тодорхойлолт мөн эсэх, өөр утга бол мөн л төөрөгдөл үүсгэх ижил үг ашиглахгүй байх дээр анхаарах нь зүйтэй биш үү?
3. Гэр бүл, сургууль, нийгэм. Төрийн дээд, дунд доод шатны байгууллага, тэр дундаа УИХ-н гишүүд та нар өөрсдийгөө маш тодорхой оруулж өгөхгүй юу? Яагаад өөрсдөөсөө бусдыг ДУРДАЖ оруулсан юм бэ?
ЗУРГАА.
1. Унаган төрх. Энэ яг ямар утгаар энэ хуулинд орсон бэ? Үгийн утгаар нь задалвал
унаган - Язгуурын, угийн, төрөлх
төрх – 1. Биеийн хэв, галбир, хэлбэр, маяг, 2. Хүний зан авир, ааш аяг
Хэрэв төрх гэдэг үгийн 2 дахь утгаар авч хэрэглэж байгаа бол энэ үгийн арын зан төлөв гэдэг үгтэй давхардаж, нэг утга давтагдаж байна. Давхардсанаас гадна ярианы, утга уянгын хэллэг хуульд байх ёсгүй баймаар.
2. Эх орны үнэт зүйлс. Монгол улсын Үнэт зүйлс одоо болтол тодорхой болоогүй. Нэгдсэн ойлголт, дүгнэлтэд хүрээгүй. Тэгвэл логик дарааллын хувьд “Үнэт зүйлс”-ээ тодорхойлохоос энэ ажил эхлэх ёстой биш үү?
ДОЛОО.
1. Утга агуулгын давхцал, уянгын халил.
Аав ээж, элгэн садан гэж дурдсан бол нэг мөсөн бүгдийг хамруулаад нэр дурд, Ж: найз нөхөд , хамт олон, хөрш гэх мэт. Үгүй бол хүн хүнээ гэдэг ерөнхий утгаар бүгд илэрхийлэгдэнэ.
Нигүүлсэл, хайр энэрэл ижил утгатай.
Хуулинд шашны үг хэллэг, уран зохиолын халилтай үг хэллэг байх ямар ч шаардлагагүй Ж : элгэн садан, нигүүлсэл, ариусал гэх мэт.
2. Ерөнхий, тодорхой биш, харьцангуй утга санаа илэрхийлсэн утга санаатай үгс. Дээдлэх, тэсвэр хатуужил, жудаг, өөрийн үнэ цэнийг мэдрэх. Энэ бүх үгс шууд болон дам янз бүрийн, өөр өөр утгыг хэрэглэж буй агуулга, орчин нөхцөлөөс хамаарч өөрчлөгддөг. Дээрх үгсийн цаана заавал нэмэлт тайлбар байх шаардлагатай. Жишээ нь : тэсвэр хатуужил гэдгийг янз бүрээр ойлгож болно, сэтгэлийн хат, ажлын ачаалал даах, халуун халж, хүйтэнд хөрөх, үг даах гэх мэт. Өөрийн үнэ цэнийг мэдрэх гэдгийг биеэ өргөмжлөх, биеэ тоох гээд ойлгочихож болохоор.
3. Биеийн ерөнхий хөгжил, хурд хүч, авхаалж самбаа нь ХҮМҮҮНЛЭГ байхтай ямар ч холбоогүй ойлголт. Булчин шөрмөс нь зангирсан, хурд хүчтэй, авхаалж самбаатай байх, эсвэл эсрэгээрээ чөргөр, туранхай биеийн хөгжил муу байх нь “хүмүүнлэг” байхтай уялдаатай гэсэн үг үү? Хуулийн нэршил, дотоод зүйл заалтуудын агуулга ингэж зөрчилдөж болохгүй.
4. Монгол ахуй, соёл уламжлал, ёс заншил бол мөн дээр дурдсанчлан маш чухал хэдий ч Хүмүүнлэг байх буюу энэ хуулийнхаа агуулгатай уялдаагүй, тусад нь авч үзэх чухал ойлголт.
НАЙМ.
1. Энэ насны хүүхдийн хүмүүжих хамгийн суурь арга нь даган дуурайх. Орчин гэр бүл, цэцэрлэг, субектууд нь гэр бүлийн гишүүд, багш нар. Тиймээс үлгэрлэн, манлайлах гэсэн ойлголт хамгийн чухал бөгөөд үүнийг дурдаагүй байна.
Монгол үндэстний уламжлалт тоглоомын сан хөмрөгт 15 төрлийн 300 гаруй наадгай байдаг. Эдгээрээс нас насанд тохирсон тоглоомуудыг сонгон аваад хичээлийн хөтөлбөрт суулгаж өгөх тухай мөн л дурдаагүй байна. Монголчууд тоглоомоороо ёс суртахууны төлөвшлийг олж авдаг агуу ард түмэн.
ЕС.
1. Ёс зүйн анхны мэдлэгийг цэцэрлэгийн насанд авчихсан. Тийм ч байх ёстой.
2. Энд түүх гэдэг ойлголт алга. Түүхийн боловсролыг бүр СӨБ-оор нь тэдний нас сэтгэхүйд тохируулаад өгөөд эхэлчихсэн байх ёстой.
3. Ардын сургаал, үлгэр, домог, аугаа хүмүүсийн намтар. Эдгээрийн хувьд Монгол улс, дэлхийн хэмжээний асар өргөн сан хөмрөгөөс орчин үеийн хүүхдийн сэтгэлгээ, монгол улсын үнэт эрхэм зүйлс, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан шүүж, тунгааж, сонгож авах нь хамгийн том ажил юм. Тиймээс эхлээд хэнд, хэзээ, юуг уншуулж судлуулах вэ? гэдгээ маш сайн тодорхойлсон байх ёстой.
4. Өөрийгөө ойлгуулах, өөрийгөө удирдах чадвар. Энэ бол Хүмүүнлэг байх ойлголттой холбоогүй тэс өөр чадвар, биеэ даасан шинжлэх ухаанд хамаарах ойлголт.
5. Тоглоом наадгай. Монголын соёл уламжлалд хүүхдийн оюун ухааныг тэлэх арга зөвхөн тоглоом наадгайгаар хязгаарлагдахгүй. Дуу, хөгжим, ерөөл, магтаал, бүжиг, дүрслэх урлаг гэх мэт Монголын үндэсний сурган хүмүүжүүлэх маш арвин өв уламжлал байдаг.
АРАВ.
1. Мөн л дээр дурдсанчлан ерөнхий, харьцангуй утгатай үгнүүдийг ашигласан. Жишээ нь : зөв. Хүн бүрийн хувьд зөв буруугийн тухай ойлголт янз бүр. Энэ үг маш олон газар давтагдсан.
2. Хөдөлмөрч, эх оронч, арвич, хямгач, эрүүл мэндийн соёл, биеийн хөгжил. Дээр дурдсанчлан хүмүүнлэг гэдэг үгэнд хамаарахгүй тусдаа ойлголтууд.
3. Амьдралын утга учир, аз жаргал, зовлон гуниг, гутамшиг, мэргэжлээ сонгох
Эдгээр нь хүмүүнлэг байхтай огтоос холбоогүй төдийгүй хувь хүний өөрийн сонголт, амьдралыг үзэх үзлийн тухай асуудал.
Эдгээрийн заримыг нь хүн ахлах ангидаа битгий хэл насан хүрсэн хойноо ч ухаж ойлгоход их хугацаа, хүчин чармайлт шаарддаг философийн ойлголт. Жишээ нь амьдралын утга учир, аз жаргалын тухай ойлголт. Ингэж оруулах гэж байгаа бол мөн л хуулийнхаа нэршлийг өөрчил. Аз жаргалтай иргэнийг бий болгох тухай гэдэг ч юм уу.
4. ПАРЛАМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ДАВУУ ТАЛ
АРВАН НЭГ.
1. Нийгэмд бие даан амьдрах, амьдралын чанарыг дээшлүүлэх арга зүйд сургах.
Амьдралыг чанарыг төрийн оролцоогоор дээшлүүлэх тухай ярьж байгаа бол энэ нь эдийн засаг, нийгмийн асуудлаар засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлоготой холбоотой. Бусдаар бол энэ цэвэр хувь хүний ухамсар, арчаа, сонголтын асуудал.
Харилцааны соёл, гэр бүл нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлах, амьдралаа зохион байгуулах, авч явах чадварт сургах.
Энэ бүгд аль эрт буюу гэр бүл, бүрэн дунд боловсрол эзэмших явцдаа ойлгож ухамсарласан байх ёстой хувь хүний төлөвшлийн асуудал. Нэгэнт хүүхэнд насанд төлөвшөөгүй ухамсар, дадал хэвшлийг хэн ч, хэзээ ч хүчээр суулгаж чадахгүй. Тэр тусмаа хуулиар зохицуулах боломжгүй. Энэ бол хувь хүний сонголт, хувь хүний асуудалд төр хэтэрхий оролцож байгаагийн илрэл.
2. Их бага таван ухаан.
Ингэж нэр оноож шууд утгаараа шашны ухуулга хийж, шашин шүтэх эрх чөлөөнд халдаж болохгүй. Үндсэн хуулиар хүний шашин шүтэх эрх хамгаалагдсан байдаг. гэтэл шууд ингэж буддын шашны суртал ухуулгыг хуулиар тогтоож болохгүй. Үндсэн хуулийн үзэл санаагаа зөрчсөн төдийгүй хүний эрхэнд халдаж байна.
АРВАН ХОЁР.
Цэцэрлэгийн нас, нэгдүгээр анги, хоёроос тавдугаар анги, ахлах анги гэх мэтээр бусад хууль тогтоомжийн дагуу буюу боловсролын хуулинд заасан Сургуулийн өмнөх боловсрол, суурь боловсрол, бүрэн дунд боловсрол гэх мэт нэршлүүдийг ашиглаагүй нь маш мэргэжлийн бус харагдаж байна.
АРВАН ГУРАВ.
1.
Сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багш бэлдэх.
Одоо байгаа буюу өмнөх боловсролын сурах бичиг, сургалтын
хөтөлбөрт оруулсан агуулгаа яах юм?
Одоогийн сурах бичиг сургалтын материалуудыг судалж,
дүгнэлт хийсэн юм уу? Засаж сайжруулах, шинэчлэн өөрчлөх асуудлаа ярилцсан юм
уу?
Яаж уялдсан юм?
Дахиад шинээр сургалтын хөтөлбөр, сурах бичиг гаргаад, дахиад
шинээр багш бэлдэх юм уу?
Шинэ багш нар бэлдэх юм уу? Багш нарыг хэн, хаана, яаж
бэлдэх юм?
Одоо байгаа сурах бичигт ёс суртахууны агуулга байхгүй биш байгаа. Жишээ нь:
1-р ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичиг
2. Хүмүүнлэг боловсролын сургалтанд хамрагдсан гэсэн гэрчилгээ олгох, сайн гэр бүл, иргэдийг шалгаруулах, алдаршуулах.
Боловсролын байгууллагын зүгээс суурь боловсрол, бүрэн дунд боловсролоороо дамжуулж төлөвшүүлээд, түүнийгээ гэрчилсэн бүрэн дунд боловсролын гэрчилгээгээр баталгаажаад явж байгаа юм биш үү? Тэгээд ч гэрчилгээгээр зохицуулагддаг асуудал биш баймаар.
Гэрчилгээ олгох, шалгаруулах, алдаршуулах социалист аргаар энэ ажлыг дүгнэхгүй ээ. Яагаад ухраад байгаа юм бэ? Ямар ядарсан, хоцрогдсон аргаар ажил явуулна вэ?
Энэ нь нийгмийг улам талцуулах, ялгаварлан гадуурхах байдлыг бий болгох аюултай. Сайн гэр бүл, муу гэр бүл, сайн сурагч, муу сурагч, гэрчилгээтэй, гэрчилгээгүйгээрээ ялгагдан, үнэлүүлэх нь ардчилсан нийгмийн үнэт зүйлтэй чинь нийцэж байгаа хэрэг үү?
Ёс суртахуун, хүмүүнлэг байхын үр дүн нь нийгэмд аяндаа илрэн гарах зүйл. Жишээ нь гэмт хэргийн бууралт, нийгмийн дундах таатай уур амьсгал, байгалийн зүй зохистой ашиглалт гэх мэт. Түүнийг гэрчилгээ олгож үнэлэх гэдэг нь маш үр дүнгүй, ач холбогдолгүй шийдэл.
АРВАН ДӨРӨВ.
АРВАН ТАВ.
Зүйл заалтууд нь хоорондоо уялдаагүй, ойлгомжгүй,
давхардсан. Хэрэв уялдуулах байсан бол 10.7.3-д энэ хуулийн 10.2.1-н хүрээнд
гэж оруулах байсан уу? Үгүй бол хэн дуртай агуулгаа гаргаж болно гэсэн үг үү? Жишээ
нь ямар шашин шүтлэг, хувийн үнэт зүйл, зарчимтай нь үл мэдэгдэх хэсэг бүлэг
нөхдүүд нийлж байгаад тухайн сургуулийн хүмүүнлэг байх хөтөлбөрийг зохиож
болох нь ээ?
АРВАН ЗУРГАА.
Тулгар эхийг энэрэх ёс.
Энд гэнэт яагаад гэр бүлийн нэг гишүүнийг онцлон авч үзээд эхлэв? Монголчууд уламжлалт ёс заншлаараа зөвхөн жирэмсэн эмэгтэй ч гэлгүй гэр бүлийн бүх гишүүдэд хандсан хайрлах, энэрэх, хүндлэх, хүмүүжүүлэх, харилцах дэг ёсыг тусгачихсан байдаг. Бүхэл бүтэн улсын хууль батлуулах гэж байж зөвхөн нэг субектын эрхийг хөндсөн агуулгыг сонгон авч ач холбогдол өгсөн ийм жижиг, тулга тойрсон сэтгэлгээтэй байж болохгүй ээ. Энэ нь үнэхээр мэргэжлийн бус гэж харагдуулж байна.
Тэгээд ч Жирэмсэн эмэгтэйн тухай хуульчилмаар байгаа бол эмэгтэйчүүдийн эрхийн асуудал бүхэлдээ хөндөгдөнө. Эмэгтэйчүүдэд тулгардаг үүнээс ч илүү чухал, маш олон асуудлуудыг тусад нь өөр хуулиар авч үзэх шаардлагатай байгаа. Энэ бол тусдаа асуудал.
АРВАН ДОЛОО.
Хандив тусламж авсан боловсролын байгууллага зарцуулалтын
тайлангаа гаргадаг юм байж, тэгвэл улсын төсвөөс гарсан зардлын тайланг хэн,
хэзээ, хаана тайлагнах вэ? Энэ тухай тусгадаггүй юм уу?
ДҮГНЭЛТ
1. Нэршлээсээ эхлээд, нэр томъёоны тодорхойлолт, агуулгад байгаа зүйл заалт гээд бүх зүйл нь логикийн алдаатай, зөрүүтэй, агуулгад хамаарахгүй ойлголтыг багтаасан.
Өөрөөр хэлбэл ёс суртахууны гэдэг ойлголтод багтах маш олон шалгуур үзүүлэлтүүдээс зөвхөн нэг нь болох “хүмүүнлэг” гэсэн үзүүлэлтийг сонгон авч хуулиа нэрлэсэн атлаа агуулгандаа ёс суртахууны бүхий л ойлголтуудыг, бүр хамаарахгүй ойлголтыг хүртэл багтаах гэж оролдсон нь яг л цуйван хийх гэж байгаад ногоотой холимог хуурга хийчихсэн юм шиг сэтгэгдэл төрүүлж байна.
2. Маш олон ерөнхий бөгөөд харьцангуй ойлголтыг агуулдаг үг хэллэг ашигласан. Энэ нь хуулийг хааш нь ч яаж эргүүлж, цоорхой гаргаж болохоор нөхцөлийг бүрдүүлсэн.
3. Шашны, утга уянга, уран зохиолын, хамааралгүй үг хэллэг, нэр томъёог маш олноор ашигласан нь мэргэжлийн бус байна.
4. Хэтэрхий жижиг хэсэгрүү детальчлан орсон, тэр нь хүний эрх, эрх чөлөө, хүйсийн тэгш эрх, ардчиллын үнэт зүйлсийг үгүйсгэсэн, өөр бусад хуультайгаа зөрчилдсөн, уялдаа холбоогүй зүйл заалтуудаар дүүрэн.
5. Тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой оролцогч талуудыг дутуу, эсвэл хамааралгүй субектуудыг оруулсан.
6. Болсон ч, болоогүй ч одоо байгаа боловсролын систем дээрээ судалгаа, анализ хийж, засаж сайжруулах, санал санаачлага, оролдлого хийгээгүй.
7. Судалгаа маш ерөнхий. Тоо баримтууд дээр нарийн дүн шинжилгээ байхгүй. Өөрөөр хэлбэл судалгаа маш дутуу, нэг талыг барьсан.
8. Иргэн, нийгэмруу л хандаад байхаас биш төрийн эрх барих дээд байгууллагынхаа хүмүүнлэг байх тухай нэг ч үг үсэг байсангүй.
9. Хууль санаачлагч нар нь иргэний нийгмийн байгууллагууд, боловсролын үнэлгээ, чанарын байгууллагууд, судалгааны бусад байгууллагуудыг сайтар хамруулж хамтран ажиллаж чадаагүй, бусад яам, төрийн байгууллагуудтай уялдаа холбоогүй, нэгнийхээ ажлыг үгүйсгэсэн байр суурьнаас хандсан байна.
Үүнээс хархад зөвхөн цөөн хэдэн хүн өөрийн өөрийн нэр хүндийг өсгөх, ажил хийсэн болж харагдах гэсэн явцуу хүрээтэй байгааг нотолж байна.
Эцэст нь хэлэхэд маш мэргэжлийн бус хандсан. Егөөдөн хэлбэл уран зохиолын ангийн 1-р курсын оюутнаар хуулийн ангийн 1-р курсын оюутны бие даалт хийлгэчихсэн юм шиг сэтгэгдэл төрлөө. Бушуу туулай борвиндоо баастай. Энэ үг л санаанд орлоо.
Бүхэл бүтэн улсын ард иргэдээрээ мөрдүүлэх гэж байгаа хуулийн төсөлд ийм мэргэжлийн бус хандлагаар хандаж болохгүй ээ. Биднээр мөрдүүлэх гэж байгаа бол бидэнтэй эхлээд сайн зөвшилц, биднийгээ бүрэн сайн ойлго, судал.
Тэгээд ч энэ хуулийн төсөлд оруулах гэж чадан ядан хичээсэн бүх ойлголтууд нь аль хэдийн Боловсролын тухай хуулиндаа тусгагдсан асуудал.
Ер нь хоорондоо уялдаагүй, эсвэл утга санаа давхардсан олон хууль санаачлахаас илүүтэй одоо байгаа хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах, одоо байгаа боловсролын агуулгаа нэмж сайжруулахыг чухалчлах нь зүйтэй.
ЦААШИД МАНАЙ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА БОЛОН ХУВИЙН ЗҮГЭЭС ЭНЭ САЛБАР ӨӨРИЙН ДУУ ХООЛОЙГОО ЧАДАХ ЧИНЭЭГЭЭРЭЭ ХҮРГЭСЭЭР БАЙХ БОЛНО.
Comments
Post a Comment